ЕХ: ЦАХИЛГААН БАРААГ ЗАСВАРЛУУЛАХ НЬ ИЛҮҮ АШИГТАЙ ХУУЛЬ БАТЛАГДЛАА
- 6 days ago
- 1 min read

Европын Холбоонд эвдэрсэн цахилгаан бараа, электрон төхөөрөмжөө шууд шинээр солихын оронд засварлуулах боломжийг нэмэгдүүлсэн “Барааг засварлах эрхийн тухай” Директив 2026 оны 7 дугаар сарын 31-нээс хэрэгжиж эхэллээ. Шинэ дүрэм нь хэрэглэгчдийг эвдэрсэн бүтээгдэхүүнээ хаяж, шинээр худалдан авахаас илүүтэй засварлуулж, ашиглалтын хугацааг нь уртасгахад чиглэж байна. Ингэснээр хэрэглэгчдийн зардлыг бууруулахын зэрэгцээ хог хаягдал, байгаль орчны бохирдлыг багасгах зорилготой юм.

ХЭРЭГЛЭГЧДЭД ГАРАХ ӨӨРЧЛӨЛТ
Баталгаат хугацаа 12 сараар нэмэгдэнэ.
Хэрэглэгч бүтээгдэхүүнийг шинээр солихын оронд засварлуулахаар сонгосон тохиолдолд хуульд заасан баталгаат хугацаа дор хаяж 12 сараар уртасна. Энэ нь хэрэглэгчдэд засварлуулах сонголтыг илүү ашигтай болгох нэг гол өөрчлөлт юм. Мөн үйлдвэрлэгчид засвар хийх үүрэгтэй болно. Угаалгын машин, хөргөгч, аяга таваг угаагч, тоос сорогч, гар утас, таблет зэрэг ЕХ-ны засварлах боломжийн шаардлагад багтсан тодорхой бүтээгдэхүүний үйлдвэрлэгчид засварын үйлчилгээ үзүүлэх үүрэгтэй. Засварыг боломжийн үнэ болон зохистой хугацаанд хийх ёстой. Зарим бүтээгдэхүүний хувьд хуульд заасан баталгаат хугацаа дууссан байсан ч хэрэглэгч үйлдвэрлэгчээс засвар үйлчилгээ авах боломжтой болно. Энэ тохиолдолд засвар нь зохистой үнээр хийгдэх ёстой.

ЯМАР БҮТЭЭГДЭХҮҮНД ХАМААРАХ ВЭ?
Шинэ дүрэм бүх төрлийн бараанд адилхан хамаарахгүй. Одоогоор угаалгын машин, аяга таваг угаагч, хөргөгч, электрон дэлгэц, тоос сорогч, гар утас, таблет, хатаагч зэрэг ЕХ-ны түвшинд засварлах боломжийн шаардлага тогтоосон тодорхой бүтээгдэхүүнүүд хамрагдаж байна. ЕХ-ны Комисс энэ бодлого нь хэрэглэгчдэд мөнгө хэмнэх боломж олгохын зэрэгцээ засварын салбарыг хөгжүүлж, хог хаягдлыг бууруулна гэж үзэж байна. Анхны тооцооллоор уг санаачилга нь ЕХ-нд 4.8 тэрбум еврогийн өсөлт, хөрөнгө оруулалт бий болгох боломжтой гэж тооцоолж байжээ.



Comments