ЕВРОПЫН ОРНУУДЫН СУПЕРМАРКЕТЫН ХӨЛДӨӨГЧҮҮД КИБЕР ХАЛДЛАГАД ӨРТЛӨӨ

Европын Швед, Бельги, Люксембург, Эстони, Герман зэрэг хэд хэдэн улсын супермаркетын хөргөлтийн систем кибер халдлагад өртөж, зарим дэлгүүр их хэмжээний хүнсний бүтээгдэхүүнээ устгахад хүрчээ.
Халдлага арваннэгдүгээр сарын 2-нд гарсан бөгөөд хакерууд хөргөгч, хөлдөөгчийн удирдлагын системд нэвтэрч, зарим төхөөрөмжийг гэсгээх горимд шилжүүлсэн байна. Үүний улмаас бүтээгдэхүүн хадгалах температур алдагдаж, хүнс муудах эрсдэл үүсжээ. Ирланд, Нидерланд, Финланд зэрэг улс ч мөн өртсөн байж болзошгүй байна.
Бельги, Люксембург дахь Delhaize сүлжээний 40 орчим дэлгүүр, Бельгийн Carrefour-ийн 700 гаруй салбараас 15 нь халдлагад өртжээ. Шведийн ICA, Coop сүлжээ болон IKEA-ийн нэг дэлгүүрт ч асуудал гарсан байна.

ЕХ-ны хөдөө аж ахуйн комиссар Кристоф Хансен уг халдлагыг хүнсний нийлүүлэлтийн сүлжээг доголдуулж, хэрэглэгчдийн итгэлд сэв суулгах ноцтой оролдлого хэмээн анхааруулжээ. Мөн Их Британийн Үндэсний кибер аюулгүй байдлын төв жижиглэн худалдааны байгууллагуудад сэрэмжлүүлэг хүргүүлж, хамтран ажиллаж байна.
Одоогоор халдлагын ард хэн байгааг тогтоогоогүй бөгөөд холбогдох байгууллагууд мөрдөн шалгаж эхэлжээ.



Comments