БЕРЛИНД ДЭЛХИЙН II ДАЙНЫ ҮЕИЙН БУНКЕР 398 МЯНГАН ЕВРОГООР ЗАРАГДАНА

Германы нийслэл Берлин хотын Шарлоттенбург дүүрэгт Дэлхийн хоёрдугаар дайны үеийн 618 м² талбайтай, газрын түвшнээс доош хоёр давхарт байрлах бункерийг дуудлага худалдаагаар худалдахаар болжээ. Анхны үнэ нь 398 мянган евро бөгөөд уг байгууламж нийт 18 өрөөтэй, 250 хүртэлх хүнийг багтаах зориулалттай байжээ. 1936 онд агаарын довтолгооноос хамгаалах зориулалтаар барьж эхэлсэн тус бункерийг дайны төгсгөл үед шархадсан хүмүүсийн эмнэлэг болгон ашиглаж байсан гэх мэдээлэл бий.

Сонирхолтой нь, бункерийн дээр байрлах барилгын дээвэрт саун, дэнж бүхий тансаг орон сууцууд баригдаж байгаа бөгөөд хамгийн том нь 2.5 сая еврогийн үнэтэй аж. Германд иргэний хамгаалалтын байрны хүрэлцээний асуудал дахин хөндөгдөж буй энэ үед уг худалдаа анхаарал татаж байна.

Берлин хотод албан ёсоор бүртгэлтэй дөрвөн хорогдох байр байдаг бөгөөд нийт 4080 хүний багтаамжтай. Харин худалдаанд гарч буй бункерт халаалт, ариун цэврийн байгууламж, орчин үеийн агааржуулалт болон хамгаалалтын тоног төхөөрөмж байхгүй тул цаашид ашиглахад ихээхэн хөрөнгө оруулалт шаардлагатай юм. Дуудлага худалдаа арванхоёрдугаар сарын 17 нд Берлин хотын MOA зочид буудалд зохион байгуулагдана.



Comments