БЕРЛИНД ХОРТОЙ ШАВЖ ТАРХАЖ, ХЭД ХЭДЭН ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭНГ ХААЛАА
- 5 days ago
- 1 min read
Германы нийслэл Берлин хотод “царс модны өт” (Oak Processionary Moth) хэмээх хортой шавж олноор үржиж, зарим дүүрэгт ноцтой асуудал үүсгээд байна. Нөхцөл байдал хүндэрсний улмаас спортын талбай, ногоон байгууламжуудыг хүртэл түр хугацаагаар хаажээ.

Хамгийн их хохирол амсаж буй бүс нь Jungfernheide орчим юм. Тус бүсэд амьдардаг иргэдийн мэдээлснээр байшин, автомашин, хаалга, хана, гэрлийн шон зэрэг бараг бүх зүйл шавжаар бүрхэгдсэн байна. Орон нутгийн оршин суугчид, ялангуяа өндөр настнууд гадагш гарахаас эмээж эхэлжээ. Зарим хүүхдийн арьсанд цэврүүт тууралт гарч, эмчилгээ хийлгэх шаардлагатай болжээ

Энэ шавжны авгалдай бие дээрээ хэдэн зуун мянган нарийн хортой үс агуулдаг. Тэдгээр үс салхиар тархаж, орчинд удаан хугацаанд идэвхтэй хэвээр үлддэг аж. Хүний арьсанд хүрэх эсвэл амьсгалаар биед орох үед:
Арьс загатнах, улайх
Цэврүүт тууралт гарах
Толгой өвдөх, халуурах
Амьсгал давчдах
Астмын шинж тэмдэг сэдрэх
Хүнд тохиолдолд хүчтэй харшлын урвал өгөх эрсдэлтэй

Энэхүү хортой шавж Берлинээс гадна Бранденбург, Саксони-Анхальт, Баден-Вюртемберг, Хойд Рейн-Вестфали болон Бавари зэрэг Германы хэд хэдэн мужид мөн тархаад байгаа талаар эрх баригчид анхааруулжээ. Хэрэв ийм шавж эсвэл түүний үүртэй таарвал гараараа хүрч болохгүй. Мэргэжлийн байгууллагад мэдээлж, өөрөө устгах оролдлого хийхээс зайлсхийхийг зөвлөж байна.



Comments