top of page

ПРАГА ХОТ ЗЭРЛЭГ ГАХАЙТАЙ ТЭМЦЭХИЙН ТУЛД АНЧДАД МӨНГӨ ТӨЛЖ ЭХЭЛЖЭЭ

  • 2 minutes ago
  • 1 min read

Чехийн нийслэл Прага хотын зарим дүүрэгт зэрлэг гахай олширч, орон сууцны хороолол, айлын байшин, парк болон хотын ногоон бүсүүдэд үзэгдэх нь нэмэгджээ. Прага 5-ын Баррандов, Кошиже, Йинонице, Кошиже–Мотолийн байгалийн цэцэрлэг, Прокопын хөндий зэрэг газарт зэрлэг гахай айлуудын ойролцоо, тэр ч байтугай орон сууцны байрнуудын дунд хүртэл үзэгдэх болсон байна.

Үүнтэй холбоотойгоор Прага хотын 5-р дүүрэг 2025 оны 10 дугаар сараас эхлэн агнуурын холбоодод агнасан болон барьсан зэрлэг гахай бүрд 1,000 чех крон олгох шийдвэр гаргасан. Энэ нь анчдыг зэрлэг гахайн тоо толгойг илүү системтэйгээр бууруулахад түлхэц өгөх зорилготой юм.



Хотын хүн ам шигүү суурьшсан хэсэгт буудах боломж хязгаарлагдмал тул зарим газарт тусгай торон урхи ашиглан барьж, зөвшөөрөгдсөн газруудад агнуур хийж байна. 2026 оны 3 дугаар сарын 31 хүртэл Репорые агнуурын холбоо нийт 114 зэрлэг гахай агнасан бөгөөд үүнээс Кошиже болон Йинонице орчмын агнуур хийхийг хориглосон газруудад 23-г нь, түүний дотор 9 эм гахайг барьж, агнасан байна.



2026 оны 5 дугаар сард Прага 5-ын хүсэлтийн дагуу Хлубочепийн нэмэлт хэд хэдэн газарт зэрлэг гахай агнахыг зөвшөөрсөн бөгөөд уг зөвшөөрөл 2029 оны 3 дугаар сарын 31 хүртэл хүчинтэй байхаар болжээ. Мэргэжилтнүүдийн тайлбарласнаар зэрлэг гахай нь хоол хүнс элбэг, тайван, нуугдах боломжтой орчинд татагддаг. Хотын ойролцоох өтгөн ургамал, био хаягдал, хоол хүнсний үлдэгдэл зэрэг нь тэдэнд таатай нөхцөл бүрдүүлдэг. Чехийн агнуурын статистикт зэрлэг гахайн тоо толгой сүүлийн 200 жилийн хамгийн өндөр өсөлттэй үеийн нэг болж байгааг дурдсан байна. Энэ нь зөвхөн Прага төдийгүй илүү өргөн хүрээний асуудал болжээ.

Гэхдээ зэрлэг гахай хүн рүү санаатайгаар дайрах нь түгээмэл биш. Анчдын зөвлөснөөр тааралдсан тохиолдолд ойртохгүй, тайван байж, аажмаар холдох хэрэгтэй. Ялангуяа амьтныг гэнэт цочоох нь аюултай.

Comments


© 2023 Journas. Powered by EuronewsMN

bottom of page