МОНГОЛ УЛС АНУ-ЫН ВИЗИЙН ШИНЭ БАРЬЦААНЫ ЖУРАМД БАГТЖЭЭ
- 9 hours ago
- 1 min read

АНУ-ын Төрийн департамент визийн нөхцөл зөрчих эрсдэл өндөр гэж үнэлсэн 50 улсын иргэдэд хамаарах визийн барьцааны шинэ журмыг наймдугаар сарын 3-наас хэрэгжүүлэхээр болсноо мэдэгдлээ.
Шинэ журам нь бизнес болон аялал жуулчлалын B-1, B-2 ангиллын виз мэдүүлэгчдэд үйлчлэх бөгөөд консулын ажилтан шаардлагатай гэж үзвэл виз олгохын өмнө 20 мянган ам.доллар хүртэлх барьцаа байршуулахыг шаардах боломжтой юм.
Виз эзэмшигч АНУ-д зөвшөөрөгдсөн хугацаандаа оршин сууж, хугацаандаа эх орондоо буцсан эсвэл АНУ-д нэвтрэхээс татгалзсан тохиолдолд байршуулсан барьцааг бүрэн буцаан олгоно.

Шинэ журамд Монгол Улс багтсан бөгөөд Гүрж, Киргиз, Тажикистан, Туркменистан, Алжир, Ангол, Бангладеш, Камбож, Балба, Никарагуа, Тунис, Уганда, Венесуэл, Зимбабве зэрэг нийт 50 улсын иргэд хамрагдаж байна. Харин ОХУ уг жагсаалтад ороогүй байна. АНУ-ын Төрийн департаментын тайлбарласнаар, эдгээр улсын иргэдийн дунд визийн хугацаа хэтрүүлэх болон бусад цагаачлалын журмын зөрчил харьцангуй өндөр бүртгэгддэг аж.

Өмнө нь хэрэгжиж байсан туршилтын хөтөлбөрийн хүрээнд виз мэдүүлэгчдээс 5–15 мянган ам.долларын барьцаа шаарддаг байсан бол шинэ журамд 5 мянган ам.долларын босгыг халж, барьцааны дээд хэмжээг 20 мянган ам.доллар болгон нэмэгдүүлжээ. Associated Press агентлагийн мэдээлснээр, 2024 оны санхүүгийн жилд дээрх 50 улсын иргэд АНУ-д зөвшөөрөгдсөн хугацаагаа хэтрүүлсэн 45,500 гаруй тохиолдол бүртгэгдсэн байна. Харин визийн барьцааны туршилтын хөтөлбөр хэрэгжсэн 10 сарын хугацаанд ийм зөрчил ердөө 50 тохиолдол бүртгэгдэж, мөн эдгээр улсын иргэдэд олгосон визийн тоо 83 хувиар буурсан гэж мэдээлжээ.