МЕРЦ УКРАИНЫГ ЕХ-НЫ “ХОЛБООТОН ГИШҮҮН” БОЛГОХ САНАЛ ГАРГАЛАА

Германы канцлер Фридрих Мерц Украинд Европын Холбооны бүрэн эрхт гишүүнчлэлд элсэхээс өмнө “холбоотон гишүүнчлэл” олгох боломжийг санал болгож, Украины ЕХ-д элсэх үйл явцыг хурдасгах асуудлыг ирэх аравдугаар сард хэлэлцэхийг уриалжээ. Трдруулбал Мерц Брюссельд болсон Европын Зөвлөлийн дээд хэмжээний уулзалтын төгсгөлд хэлэхдээ, уг хувилбарыг ЕХ-ны гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулахгүйгээр хэрэгжүүлэх боломжтой гэж үзэж буйгаа илэрхийлсэн байна. Түүний үзэж байгаагаар одоогийн нөхцөлд ЕХ-ны гэрээг өөрчлөх боломжгүй тул Украинд бүрэн гишүүнчлэлд хүрэх шилжилтийн хэлбэрийг бий болгох нь бодитой хувилбар аж.

Дайнд оролцож буй улс ЕХ-ны бүрэн эрхт гишүүн болж шууд элсэх боломжгүй. Харин холбоотон гишүүний статустай болж, улмаар бүрэн гишүүнчлэлд шилжих боломжтой” гэсэн байр суурийг Мерц илэрхийлжээ. Гэвч Германы канцлерын саналд ЕХ-ны хэд хэдэн гишүүн улс эргэлзсэн байна. Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский харин бүрэн эрхт гишүүнчлэлээс өөр ямар нэгэн хувилбарыг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгджээ. Үүний зэрэгцээ Унгарын Ерөнхий сайд Петер Мадьяр Украины ЕХ-д элсэх үйл явцыг хурдасгах саналыг эсэргүүцжээ.

Мадьярын үзэж буйгаар Украины элсэлтийн хэлэлцээр дөнгөж нээгдсэн бөгөөд үйл явцыг хэт хурдасгах нь Баруун Балканы орнуудын хувьд мөн буруу дохио болох эрсдэлтэй гэжээ. Украины ЕХ-нд элсэх үйл явцыг хурдасгах болон “холбоотон гишүүнчлэл”-ийн саналыг 10 дугаар сарын 15–16-нд Брюссельд болох Европын Зөвлөлийн уулзалтаар дахин хэлэлцэх төлөвтэй байна



Comments