ИСПАНИЙН АТГ ЕРӨНХИЙ САЙД ПЕДРО САНЧЕСИЙН ӨРӨӨНД НЭГЖЛЭГ ХИЙЖЭЭ
- 2 hours ago
- 1 min read
🇪🇸 Европ • Улс төр • Авлига
Испанийн Авлигатай тэмцэх байгууллага болон цагдаагийн алба хаагчид эрх баригч PSOE намын төв байр, тэр дундаа Ерөнхий сайдын ажлын өрөөнд нэгжлэг хийжээ. Тодруулбал, Испанийн шүүхийн зөвшөөрлөөр Мадрид хотын Феррас гудамж дахь PSOE намын төв байранд нэгжлэг явуулсан байна. Үндэсний шүүхийн шүүгч Сантьяго Педрасын удирдсан мөрдөн байцаалтын алба тус намын хууль бус санхүүжилттэй холбоотой хэргийг шалгаж байгаа юм.

Мөн хэд хэдэн нэр нөлөө бүхий улс төрчийг шалгаж байгаа бөгөөд намын менежер Лейре Диезийг гэмт бүлэглэлд оролцсон, нөлөөгөө урвуулан ашигласан, авлига авсан хэрэгт сэжиглэн шалгаж байгаа юм. Түүнчлэн Ана Фуэнтесийг Засгийн газрын шүүмжлэгчдийн нэр хүндийг гутаах хуйвалдаанд оролцсон байж болзошгүй хэргээр шалгаж байгааг шүүх онцолжээ.

Харин Ерөнхий сайд Педро Санчес нэгжлэгийн үеэр Ром хотод байсан бөгөөд хэвлэлийн бага хурлын үеэр “Бид шударга ёсыг хүндэтгэж, шүүх байгууллагатай хамтран ажиллах болно. Хэрэв нам дотор зохисгүй үйлдлийн шинэ тохиолдол илэрвэл өмнөхийн адил шийдэмгий арга хэмжээ авна” хэмээн мэдэгдсэн байна.



Comments