top of page

ГЕРМАНЫ КАНЦЛЕР МЕРЦ ЭНЭТХЭГТ ХОЁР ӨДРИЙН ТӨРИЙН АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА

  • Jan 12
  • 1 min read

Германы канцлер Фридрих Мерц Энэтхэгт төрийн дээд хэмжээний айлчлал хийж байна

Германы канцлер Фридрих Мерц 2026 оны 1 дүгээр сарын 12–13-ны өдрүүдэд Энэтхэг Улсад төрийн дээд хэмжээний айлчлал хийж байна.

Энэхүү айлчлал нь түүний канцлер болсноос хойших Ази тив дэх анхны айлчлал бөгөөд олон улсын шинжээчид стратегийн өндөр ач холбогдолтой гэж онцолжээ. Айлчлалын эхний өдөр канцлер Мерц Ахмедабад хотод очиж, Махатма Гандигийн амьдарч байсан түүхэн газарт хүндэтгэл үзүүлсэн байна. Үүний дараа Энэтхэгийн талтай хоёр талын уулзалт хийж, хамтарсан хэвлэлийн бага хурал зохион байгуулжээ.

Уулзалтаар эдийн засаг, худалдаа, батлан хамгаалах, технологийн салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлыг хэлэлцсэн байна. Тухайлбал, Энэтхэг–Европын Холбооны Чөлөөт худалдааны хэлэлцээрийг (FTA) энэ сарын эцэс гэхэд байгуулах боломжтой гэж канцлер Мерц мэдэгдлээ.

Батлан хамгаалах салбарт ойролцоогоор 8 тэрбум еврогийн өртөгтэй далайн шумбагч онгоц нийлүүлэх, мөн хамтарсан үйлдвэрлэл хөгжүүлэх асуудал яригдаж байна. Эдийн засгийн хүрээнд Германы 25 томоохон компанийн гүйцэтгэх захирлууд канцлерийг дагалдан ирсэн бөгөөд бизнесийн форум зохион байгуулахаар төлөвлөжээ.

Мөн боловсрол, хүний нөөцийн салбарт Германы их сургуулиуд Энэтхэгт салбар нээх, мэргэжилтэн, оюутан солилцох зэрэг олон асуудлыг хэлэлцсэн байна. Энэ жил Энэтхэг, Герман хоёр улс дипломат харилцаа тогтоосны 75 жил, стратегийн түншлэл байгуулсны 25 жилийн ой тохиож байгаа юм.

Канцлер Фридрих Мерц Энэтхэгийг “стратегийн чухал түнш” хэмээн тодорхойлсон бол Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди хоёр улсын хамтын ажиллагааг “хүн төрөлхтөнд чухал ач холбогдолтой” гэж онцоллоо.




Comments


© 2023 Journas. Powered by EuronewsMN

bottom of page