СУПЕРМАРКЕТЫН САГС, ТЭРЭГ НИЙТИЙН БИЕ ЗАСАХ ГАЗРААС Ч ИЛҮҮ ИХ НЯНТАЙ
- Jun 2
- 1 min read
Хүмүүс нийтийн бие засах газар орсны дараа гараа угаахаа бараг мартдаггүй. Харин супермаркетаар үйлчлүүлсний дараа гараа угаах нь төдийлөн түгээмэл биш байдаг. Гэвч судлаачдын үзэж буйгаар супермаркет нь зарим тохиолдолд ариун цэврийн өрөөнөөс ч илүү бактери үржих таатай орчин болдог байна.

Коронавирусийн цар тахлын үеэр олон нийтийн газруудад гар ариутгагч болон ариутгалын алчуурыг өргөн хэрэглэж байсан. Энэ дадлыг одоо ч үргэлжлүүлэх шаардлагатай гэж микробиологич профессор Чарльз Герба Швейцарын “Tages-Anzeiger” сонинд өгсөн ярилцлагадаа онцолжээ.
Түүний хэлснээр худалдааны тэрэгний бариулууд нь нийтийн бие засах газрын зарим гадаргуугаас ч илүү хэмжээний өтгөний гаралтай нян агуулдаг байна.

Үүний гол шалтгаан нь супермаркетын ариун цэврийн өрөөг тогтмол цэвэрлэдэг бол худалдааны тэрэг, сагсыг харьцангуй ховор ариутгадагтай холбоотой аж. Судалгаагаар худалдааны тэрэгний бариул дээр салмонелла болон E. coli зэрэг хүний эрүүл мэндэд хортой нянгууд илэрсэн байна. Мөн жинлүүр, өөртөө үйлчлэх кассын товчлуур, карт уншигчийн PIN код оруулах хэсэг зэрэг байнга хүрэлцдэг гадаргуу дээр ч их хэмжээний нян агуулагддаг болохыг судлаачид анхааруулжээ.



Comments