РОБОТ ТУУЛАЙГ ӨГӨӨШ БОЛГОН АВАРГА МОГОЙГ УСТГАЖ ЭХЭЛЖЭЭ

АНУ-ын Флоридагийн Everglades намгархаг газарт уугуул бус аварга могойн тархалт нэмэгдэж, тэдний тоо толгой 300 мянгад хүрсэн байж болзошгүй байгаа тул судлаачид могойг илрүүлэн устгах шинэ арга хэрэглэж эхэлжээ. 2000 оноос хойш эрх баригчид 23 мянга гаруй могой устгасан ч тэдгээрийг илрүүлэхэд хүндрэлтэй хэвээр байна.
Үүнийг шийдэхийн тулд Флоридагийн Өмнөд усны удирдлагын дүүрэг Флоридагийн их сургуулийн судлаачидтай хамтран энэ зун 120 робот туулай нэвтрүүлжээ.

Роботууд нь жинхэнэ туулайг дуурайн хөдөлж, дулаан болон үнэр ялгаруулдаг бөгөөд нарны эрчим хүчээр цэнэглэгддэг байна. Робот туулайг жижиг хашаанд байршуулж, камераар хянадаг. Аварга могой робот туулайд ойртоход систем дохио өгч, гэрээт ажилтнууд тухайн газарт очин могойг барих, устгах арга хэмжээ авдаг байна. Флоридагийн усны удирдлагын дүүргийн хортой амьтдын судлаач Майк Кирклэнд могойг устгах нь харьцангуй хялбар боловч тэднийг олох нь гол хүндрэл гэж хэлжээ.

Нэг робот туулай ойролцоогоор 4,000 ам.долларын өртөгтэй бөгөөд төслийг усны удирдлагын дүүрэг санхүүжүүлж байна. Өмнө нь амьд туулай ашиглан могойг илрүүлдэг байсан ч энэ нь ихээхэн цаг, зардал шаарддаг байжээ. Судлаачид энэхүү аргыг ашигласнаар Everglades-ийн экосистемд сөргөөр нөлөөлж буй аварга могойг илрүүлэх, хянах боломжийг сайжруулахыг зорьж байна.



Comments