ИСПАНИЙ ЦАГДАА НАР ГЭРТЭЭ ХОРИГДОЖ БАЙСАН ХҮҮХДҮҮДИЙГ АВАРЧЭЭ
- Ariuka Ariuk
- 5 days ago
- 1 min read
Испанийн хойд хэсэгт орших Овиедо хотын захад байрлах нэгэн байшинд герман хос гурван хүүхдээ удаан хугацаанд хорьж байсныг Испаний цагдаа нар илрүүлжээ. Тодруулбал хүүхдүүдийг 2021 оноос хойш хог хаягдлаар дүүрсэн байшинд хорьж байсан бөгөөд хохирогч хүүхдүүд 8 настай ихэр хөвгүүд болон 10 настай нэг хүү байсан байна. Мөн тэдгээр хүүхдүүд 2021 оны 12-р сараас хойш гадагш гарч байгаагүй гэж “La Nueva España” сонин бичжээ.

Испаний цагдаагийн газрын мэдээлснээр хүүхдүүдийг тусгай халамжийн төвд шилжүүлэн хамгаалалтад авч, эцэг эхийг нь баривчилсан байна. Мөн байшин “бараг бүхэлдээ хог хаягдлаар дүүрсэн” байсан бөгөөд хүүхдүүдийг цонхгүй өрөөнд, торон оронд унтуулж, гадаад ертөнцтэй ямар ч холбоогүй, маск зүүлгэж, живх өмсгөдөг байсан нь тогтоогджээ. Баривчлагдсан эцэг эх нь 53 настай герман эрэгтэй, 48 настай герман-америк давхар иргэншилтэй эмэгтэй байсан бөгөөд 2021 оны 10-р сараас хойш уг байшинд түрээсээр амьдарч байжээ. Испанийн албаныхан тэдний Германы аль нутгаас ирсэн болон хүүхдүүдийг яагаад нийгмээс тусгаарласан талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.
Эх сурвалж: DW
Edited by: Jenipher Camino Gonzalez
Comments