top of page

ДАЙНЫГ ДУУСГАХ ХЭЛЭЛЦЭЭРТ, КИЕВ БУУЛТ ХИЙХ ДАРАМТАД ОРЖ БОЛЗОШГҮЙ

Nov 13
2 min read

Украины дайныг зогсоох дипломат хэлэлцээ шинэ шатанд гарч, АНУ-ын төлөөлөгчид Москва, Киевийн хооронд зуучлах ажиллагаагаа эрчимжүүлж байна. Гэвч энхийн гэрээ байгуулах замд хамгийн том саад болж буй асуудал нь Украины газар нутгийн бүрэн бүтэн байдал, НАТО-д элсэх асуудал болон ирээдүйн аюулгүй байдлын баталгаа хэвээр байна.



Арваннэгдүгээр сарын 12-нд АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын тусгай төлөөлөгч Стив Уиткофф болон түүний хүргэн Жаред Кушнер нар Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй Дублинд уулзжээ. АНУ-ын төлөөлөгчид үүнээс өмнө Москвад очиж, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзсан юм.



ПУТИН ЯМАР НӨХЦӨЛ ТАВЬЖ БАЙНА ВЭ?

Москвагийн шаардлагуудын гол цөм Донбассын бүс нутгийг бүхэлд нь хяналтдаа авах, Украин НАТО-д элсэхгүй байх, Украины нутаг дэвсгэрт барууны цэргийн хүч байрлуулахгүй байх, Украины зэвсэгт хүчний хүчин чадлыг хязгаарлах. Мөн ОХУ өөртөө нэгтгэсэн гэж зарласан Украины дөрвөн бүс нутгийн талаарх байр сууриа хадгалах.



ЗЕЛЕНСКИЙ: ГАЗАР НУТГАА ӨГӨХИЙГ ЗӨВШӨӨРӨХГҮЙ

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Донбассыг Орост өгөхийг зөвшөөрөхгүй гэдгээ удаа дараа илэрхийлж ирсэн. Киевийн хувьд энхийн гэрээ зөвхөн буун дууг зогсоох асуудал биш юм. Харин дахин дайн дэгдэхээс сэргийлэх бодит баталгаа авах нь хамгийн чухал. Тиймээс Украин дараах асуудлыг шаардаж байна. Үүнд эзлэгдсэн газар нутгийн асуудлыг олон улсын эрх зүйд нийцүүлэн шийдвэрлэх, Украины аюулгүй байдлыг урт хугацаанд баталгаажуулах, Европын холбоотнуудыг хэлэлцээнд оролцуулах, ОХУ дахин довтлох боломжгүй нөхцөл бүрдүүлэх. Энэ нь Киевийн хувьд газар нутгаа хамгаалах болон дайны дараах улсынхаа аюулгүй байдлыг хангах гэсэн хоёр үндсэн зорилго юм.



ДАЙНЫ ТАЛБАР ДЭЭРХ НӨХЦӨЛ БАЙДАЛ УКРАИНЫГ ИЛҮҮ ХҮНД БАЙДАЛД ОРУУЛЖ БАЙНА

Дипломат хэлэлцээ үргэлжилж байгаа ч Украины хотууд болон дэд бүтцэд чиглэсэн Оросын довтолгоо зогсоогүй байна.

BILD-ийн мэдээлснээр арваннэгдүгээр сарын 13-ны өглөө Одесса хотод болсон довтолгооны улмаас хоёр хүн амь үрэгдэж, таван хүн шархаджээ.



ЕВРОП ЯАГААД САНАА ЗОВЖ БАЙНА ВЭ?

Украины асуудлыг зөвхөн АНУ, Орос хоёрын хооронд шийдвэрлэх нь Европын орнуудын хувьд томоохон болгоомжлол дагуулж байна.

Учир нь Украинтай байгуулсан аливаа энхийн гэрээ Европын аюулгүй байдлын ирээдүйд шууд нөлөөлнө.Хэрэв Украин газар нутгийн томоохон буулт хийж, аюулгүй байдлын бодит баталгаагүй үлдвэл ОХУ ирээдүйд дахин довтлох эрсдэл хэвээр үлдэнэ гэж Киев болон Европын зарим удирдагч үзэж байна.

Эх сурвалж: BILD, Reuters, EuroNews

Comments


© 2023 Journas. Powered by EuronewsMN

bottom of page