ГЕРМАНЫ САКСОНИ МУЖИЙН STADE ХОТОД ЗУРГААН ХҮН БУУДУУЛЖ АМИА АЛДЛАА
- Jun 30
- 1 min read
Германы Доод Саксони мужийн Stade хотын эх, хүүхдийн асрамжийн төвийн залуучуудын халамжийн хэсэгт гарсан буудалцааны улмаас зургаан хүн амиа алдлаа. Хохирогчид бүгд тус байгууллага болон холбогдох нийгмийн үйлчилгээний байгууллагын ажилтнууд байсан бөгөөд дөрвөн эмэгтэй, хоёр эрэгтэй байжээ.

Цагдаагийн байгууллагын мэдээлснээр хэргийн гол сэжигтэн нь 45 настай, Германд төрсөн Турк гаралтай бөгөөд гурван сартай охиныхоо асран хамгаалах эрхтэй холбоотой маргаантай байсан аж. Урьдчилсан байдлаар уг маргаан нь халдлагын шалтгаан болсон байж болзошгүй гэж мөрдөн шалгаж байна.

Хэрэг даваа гарагийн үд дунд болсон бөгөөд буудалцааны дараа сэжигтэн автомашинаар зугтахыг оролдсон ч цагдаа нар удалгүй баривчилжээ. Нийт гурван хүнийг саатуулан шалгасан бөгөөд олон нийтэд учрах аюулгүй болсон гэж албаныхан мэдэгдсэн байна.

Доод Саксони мужийн Дотоод хэргийн сайд Daniela Behrens энэ хэргийг “хүйтэн цуст, хэрцгий гэмт хэрэг” хэмээн тодорхойлж, улс төрийн болон хэт даврагч үзэлтэй холбоогүй, харин гэр бүлийн шинжтэй шалтгаантай хэрэг байж болзошгүйг онцолжээ. Хэрэг гарсан төвд амьдарч байсан эхчүүд болон хүүхдүүд гэмтээгүй бөгөөд бүгдийг аюулгүй газарт шилжүүлсэн байна. Хэргийн газрын үзлэг, мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.



Comments