top of page

Б.МАНДАХБИЛЭГ: ЭЛЧИН САЙДУУД СУУХ ОРНОО МАШ САЙН МЭДДЭГ БАЙХ НЬ ЧУХАЛ

  • 3 hours ago
  • 7 min read

Сайн байна уу. Бидний урилгыг хүлээн авсан танд баярлалаа. Ярилцлагаа эхлүүлэхийн өмнө ХБНГУ-д суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин Сайдын ажлаа амжилттай хэрэгжүүлж, хугацаагаа дуусгаж буйд тань баяр хүргэе.



Сэтгүүлч: Та ХБНГУ-д томилогдон ирэхдээ тавьсан зорилтуудаа өнөөдөр эргэн харахад юу биелж, юу биелэгдээгүй вэ?


Б.Мандахбилэг:

Харилцаа хамтын ажиллагааг миний зорилтын дагуу чанарын дээд түвшинд гарган, манай хоёр улс Стратегийн Түншүүд болсон. Энэ ажлын хүрээнд ХБНГУ-ын Засгийн Газар хөгжлийн тусламжаа 2022 оны 6-р сараас сэргээж Монголын ард түмэнд дахин олгож байна. Монгол Улсын нэр хүнд Германд миний зүтгэл болон ЭСЯ-ны эерэг ажиллагаа, монгол иргэдийн идэвхи, үүсгэл санаачилгаа, соёл урлагийн сурталчилгааны үр дүнд нэлээн өссөн гэж дүгнэж байна. Харин худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх санаа бодол надад байсан ч миний хүссэн хэмжээнд хүрээгүй. Мөн монгол иргэдийн хувьд ХБНГУ руу зорчиход нь визний хөнгөлөлт эдлүүлэх тал дээр олигтой ахиц гарсангүй. Бүтээгүй энэ ажлын чиглэлээр би хичээл зүтгэл, санаачилга гаргасан боловч надаас хамаарахгүй олон сөрөг хүчин зүйлс (бараг давагдашгүй хүчин зүйл) жинтэй нөлөө үзүүлсэн байдаг.            

 

Сэтгүүлч: Таны ажиллах хугацаанд Монгол-Германы харилцаанд гарсан хамгийн том бодит ахиц дэвшил юу байсан бэ?


Б.Мандахбилэг:

Дипломат харилцааны 50 жилийн ойг ёслол төгөлдөр хоёр талдаа тэмдэглэж, Холбооны Ерөнхйилөгч Ф.В.Штайнмайэр 2024 оны 2-р сард манай улсад айлчилж “Стратегийн түншлэл”-ийг хоёр тал зарлан тунхагласан үйл явдал юм. Үүний суурийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Холбооны канцлер О.Шольц нар 2022 оны 10-р сард Берлинд тавилцсан гэдгийг энд заавал дурдах учиртай.

 

  

Сэтгүүлч: Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл өнөөдөр юу вэ? Бид олон улсын тавцанд ямар өвөрмөц үүрэг гүйцэтгэж байна гэж та үзэж байна вэ?


Б.Мандахбилэг:

Энхийг эрхэмлэсэн, бие даасан, олон тулгуурт гадаад бодлогыг манай төр засаг хэрэгжүүлдэг. УИХ-аас батлаад өгсөн “Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд”, “Гадаад бодлогын үзэл баримтлалд” энэ талаар нарийвчлан буюу тодорхой тусгагдсан байдгийг би энд давтах нь илүүц юм. Манай “өвөрмөц үүрэг” гэдгийг олон улсын дайн хямрал зэргийг энхийн, яриа хэлэлцээний замаар шийдвэрлэхэд өөрийн хувь нэмрийг оруулах учиртай гэж би ойлгодог. Чингэхдээ НҮБ-ны Дүрэм, олон улсын эрх зүйг манай улс чанд сахиж баримталдаг. Солонгосын Хойгийн асуудлаар Монгол Улс “Улаанбаатарын диалог” зохион байгуулж явуулдгийг жишээлэн дурдах байна.            


Сэтгүүлч: Орос, Хятад, Барууны гүрнүүдийн геополитикийн өрсөлдөөний дунд Монгол улсын "тэнцлийн бодлого"-ыг хэрэгжүүлэхэд та өөрийгөө ямар үүрэг гүйцэтгэсэн гэж дүгнэх вэ?


Б.Мандахбилэг:

Том геополитикийн бодлогын зүйл надаас Та асуугаад байна шүү. Өөрийн хэмжээнд л товч хариулахад Монгол Улсын Гуравдагч хөршийн бодлогын хүрээнд л би ажилласан. Европын орнуудаас Герман улс нэн тэргүүнд манай “Стратегийн түнш” болсон гэдгээ зарласан нь миний ажлын том амжилт гэж үзэх юм даа.       

 

Сэтгүүлч: 4 жилд байгуулагдсан гэрээ, хамтын ажиллагааны баримт бичгүүдийн дотроос аль нь цаашид хамгийн их ач холбогдол, өгөөжтэй гэж үзэж байна вэ?


Б.Мандахбилэг:

Стратегийн түншлэлийн тухай Тунхаг. Тэрчлэн Автотээврийн хэлэлцээр: Орос-Украины дайн дууссаны дараа энэ гэрээ 100 хувь хэрэгжих боломжтой.

 

Сэтгүүлч: Германы хөрөнгө оруулалтыг Монголд татах чиглэлд тодорхой юу хийгдсэн бэ? Мөн Герман дахь Монгол бизнес эрхлэгчдийг дэмжих талаар ямар бодлого баримталж, өнөөдөр ч үргэлжлэх бодит үр дүн юу байна вэ?

 

Б.Мандахбилэг:

За. Эмзэг сэдэв гэдгийг сүүлийн 4 жил яс махаараа мэдэрсэн. Германы Брэмэн хотын WPD компани Өмнөговь аймгийн Хангбогд-од Салхины цахилгаан станц байгуулах гээд 4 жил хөөцөлдөөд хагас алхам лурагшилж чадсан. Манай зохих байгууллагуудтай яриа хэлэлцээ хийж зөвшөөрөл авах гэсээр энэ том хөрөнгө оруулалт өнөөг хүртэл гацаатай хэвээр л байна.

Монголд алт цэвэршүүлэх үйлдвэр, коксын үйлдвэр тус тус байгуулах чиглэлээр хөөцөлдсөн ажлыг минь дараагийн Элчин сайд үргэлжлүүлэд явах бизээ. Хамбург-д байршилтай зэс хайлуулагч “Аурубис” Монголоос зэсийн баяжмал худалдан авах гэрээ байгуулах хүсэлт тавьсан ч манай “Эрдэнэт” ойрын 6 жилд зэсийн баяжмал нийлүүлэх боломжгүй гээд л хариу өгчихсөн байх жишээний.

Монголоос Герман руу харин ноос ноолууран бүтээгдэхүүний, архины экспорт миний үед тус тус нэмэгдсэнийг дуулгахад таатай байна. Монгол бизнэс эрхлэгчид Германд бизнэсээ өргөжүүлэх хүсэлтэй тохиолдолд ЭСЯ чиглүүлж зөвлөж ирсэн, эцсийн эцэст хууль дүрмийн дагуу л Германд бизнэс эрхлэгч үйл ажиллагаагаа явуулахад л хангалттай  байдаг.

   

Сэтгүүлч: Германд суугаа Монгол иргэдэд үзүүлэх консулын үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахын тулд та яг юу өөрчилсөн бэ? ЭСЯ-г илүү нээлттэй, иргэн төвтэй болгохын тулд ямар арга хэмжээ авсан бэ?


Б.Мандахбилэг:

Манай 9000 орчим иргэд Германд оршин сууж байна. Манай ЭСЯ-ны Консулын хэлтэс хууль дүрмийн хүрээнд л ажиллах үүрэгтэй. Явуулын консулын үйлчилгээг үзүүлэх ажилд ахиц гарсан гэж би дүгнэдэг. Боломжоороо КХ алсаас ч мөн консулын үйлчилгээ үзүүлдэг. Зарим хуулийн шаардлагатай тохиолдолд л биеэр Берлинд ирэхийг иргэдээс шаарддаг болсон. За “иргэн төвтэй ЭСЯ” гэдэг болпопулизмын үнэртэй тодорхойлолт юм даа. ЭСЯ бол Монголын төр засгийн үүрэг даалгаврыг нэн тэргүүнд биелүүлэх чиг үүрэгтэй төрийн байгууллага тул иргэд маань бол Ерөнхийлөгч, УИХ, Засгийн Газрын дараа нь эрэмбэлэгдэх нь угаасаа ойлгомжтой. ЭСЯ харин иргэдийн олон ТББ-тай нягт хамтран ажиллаж, улс орныхоо төлөө, Монголынсоёл урлагийг сурталчлахын төлөө, монгол хэл соёлын сургуулиудын үйл ажиллагааг дэмжихийн төлөө хүчээ нэгтгэн хамтран ажиллах арга барилыг би хэвшүүлж ажилласан гэж бодож байна.

Франкфурт хотод Монгол Улсын Консулын Газар нээн байгуулах саналыг ЭСЯ-наас боловсруулж төвд уламжлаад байгааг энэ дашрамд бас тэмдэглэх байна.Ингэснээр МИАТ-ын онгоцоор зорчих монгол иргэдэд, Баруун-Өмнөд Германд оршин суугаа манай иргэдэд Монголын төр засаг илүү ойртож, тэд консулын үйлчилгээг Франкфурт-Майн-д хүртэх боломжтой болно гэсэн үг.        

 


Сэтгүүлч: Шенгений виз авахад Монгол иргэд өнөөг хүртэл хүндрэлтэй байсаар байна. Энэ асуудлыг хөнгөвчлөх чиглэлд Германы талтай яриа хэлэлцээ хийгдсэн үү? Үр дүн гарсан уу?


 Б.Мандахбилэг:

Германы ГХЯ, ДХЯ дээр энэ асуудлыг хөндөж тавьж байсан. Германд “харласан” манай 400 гаруй иргэнийг албадан гаргах асуудлыг сөргүүлж тавьдаг юм. Хэрэв манай зарим иргэд жуулчны визээр Германд орж ирчихээд орогнох, цагаачлах зорилгоор үлддэггүй байсан бол Монгол иргэдийг визээс чөлөөлөх боломж ирээдүйд бүрдэх юм билээ. Эхний ээлжинд албан паспорт бүхий иргэдийг визгүй Герман улс руу нэвтрүүлдэг болгох асуудлыг Германы ДХЯ дээр нь 3-4 удаа би ярьж хүсэлт болгосон байдаг. Урдаас тэд 2019 оны 5-р сард Германд хар тамхи тээвэрлэж байгаад баригдсан Истанбул дахь ЕКГ-ын 2 ажилтны “алдартай” түүхийг сөхөж миний эсрэг “сөрсөн базаа” хийдэг хүнд нөхцөлд л би ажилласан даа. Тэгэхлээр манай зарим иргэдийн учруулсан хор уршиг, үр дагавар нь бусад олонх иргэдэд үзүүлэх визийн дэглэмийг хөнгөвчлөх зорилгод саад тээг болдог зүй тогтол оршиж байгаа юм. Хууль бусаар Германд оршин суух үзэгдлийг манай зохих зарим иргэд бүр мөсөн халсан тохиолдолд л энэ визний асуудал нааштайгаар шийдэгдэх нөхцөл бүрдэнэ.                


Сэтгүүлч: Германд үйл ажиллагаа явуулж буй Монголын ТББ-уудын ажлыг төрийн дипломат тогтолцоотой уялдуулахад тодорхой ямар ажил хийгдсэн бэ?


Б.Мандахбилэг:

Монгол Улсын ГХЯ, Соёлын Яам, Боловсролын яам зэрэг нь гадаадад оршин суугаа иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах, хангах, үндэсний соёл урлагийг гадаадад сурталчлах, гадаадад байгаа иргэдийнхээ үр хүүхдүүдэд монгол хэл, соёл заах чиглэлээр зарим үйл ажиллагаа явуулдаг тул зохих мэдээллийг ТББ-дад, Соёлын Элч нарт, Монгол сургуулиудад тарааж холбож өгч ажилласан. Ингольштадт хотод Европын морин хуурын фестиваль 2 удаа зохион байгуулахад төвөөс дэмжлэг үзүүлсэн байх жишээтэй.   Эсвэл Монгол сургуулиудын хамтарсан уралдаан, наадмын бөхийн тэмцээн г.м. иргэдийн ТББ-гуудтай хамтран ажиллаж ирсэн. ТББ-ын зөвлөлтэй манай ЭСЯ-ны Консулын хэлтэс тогтмол харилцаж, хамтранажилладаг.  


Сэтгүүлч:  Эхлүүлж, чиглэл нь тодорхой болсон ч дуусгаж амжаагүй төсөл, хөтөлбөрүүдийн хувьд? Жишээ нь иргэдийн хамгийн их асуудаг Монгол жолооны үнэмлэхийг дүйцүүлэн зөвшөөрүүлэх эсвэл дүрмийн шалгалтыг Монгол хэлээр өгөх боломжийг бий болгох…


Б.Мандахбилэг:

Эхлүүлээд явцдаа байгаа зүйл бол алт цэвэршүүлэх үйлдвэр, коксын үйлдвэр хамтарч барих зэрэг хоёр төслийг ЭСЯ, манай зохих яамд үргэлжлүүлээд чулуу болгоод явах ёстой.

Жолооны үнэмлэхийн талаар манай тал хүсэлтээ албан ёсоор Германы талд тавьсан. Холбооны Тээврийн яам нь муж улсуудын Засгийн газруудаар дэмжүүлж шийдвэр гаргуулах ажил нь үлдсэн. Ер нь бол Герман улс ЕХ-ны зарим орон шиг гадаадын жолооны үнэмлэхийг хурдан, хялбар хүлээн зөвшөөрдөггүй юм билээ. АНУ-ын жолооны үнэмлэхтэй хүн ч манай иргэд шиг Германд шалгалт өгдөг зарчим үйлчилсээр л байгаа юм байна лээ. “Усыг нь уувал ёсыг нь дагах” гэдэг зарчмыг мөн энэ тохиолдолд баримтлахад бүх оролцогчдын ашиг сонирхолд нийцэх юм шиг надад санагддаг. Германы хурдны зам дээр манай үнэмлэхтэй шинэхэн жолооч хэрхэн өөрийгөө болон бусдыг эрсдэлд оруулахгүй байхыг эхлээд дадлагажих хичээлд сууж сурсан байх л хэрэгтэй юм даа. Энэ бол миний хувийн зөвлөмж юм шүү.          


Сэтгүүлч:  4 жилийн хугацаанд таны хувьд хамгийн сургамжтай ажил юу байсан бэ? Европт томилогдох залуу дипломатуудад та ямар зөвлөгөө өгөх вэ?


 Б.Мандахбилэг:

Сургамжтай “ажил” гэхээс илүү миний үйлдэл, эс үйлдэлтэй хамааралгүй боловч “таагүй мэдрэмж”-ийг надад төрүүлж ЭСЯ-ны ажилд нөлөөлсөн хоёр үйл явдлыг дурдмаар байна. 2019 оны 5-р сард Турк дэх ЕКГ-ын 2 ажилтан Германд хар тамхи тээвэрлэсэн хэргээр баривчлагдсан нь миний ажиллах хугацаанд (2021-2026 онд) сөрөг нөлөө, үр дагавраа хадгалсаар байсан нь харамсалтай. Германы ДХЯ дээр энэ үйл явдлыг мартах маш дургүй юм байна даа гэсэнсэтгэгдэл надад төрсөн. Тэрчлэн 2024 оны 9-р сарын эхээр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Монгол Улсадайлчлахад Германы ГХЯ дээр би дуудагдан “зэмлэл” хүртсэн, улмаар герман болон украин иргэдээс манай төр засгийг, монголчуудыг В.Путиний энэ айлчлалтай холбогдуулан хараасан, үзэн ядсан 200 гаруй e-mailЭСЯ авсан нь “мартагдашгүй” таагүй мэдрэмж надад үлдээсэн байдаг.


Сэтгүүлч: Монгол оюутан, эрдэмтдийн Германд суралцах, судалгаа хийх боломжийг нэмэгдүүлэх чиглэлд ямар дорвитой ахиц гарсан бэ?


Б.Мандахбилэг:

ХБНГУ-ын төсвийн хэмнэлттэй гээд ДААД-ын тэтгэлэг бол нэлээн ховордсон. Хувь эрдэмтэн, сайн оюутан бусад ивээн тэтгэгч байгууллагуудаас өөрийн шугамаар тэтгэлэг хөөцөлдөх боломж бол нээлттэй байгаа.

“Илгээлт 2100” Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар улсын тэтгэлгээр 100 гаруй оюутан Дрэздэнд суралцаж буйг энд дурдах хэрэгтэй. 2026 оны 10-р сард ХБНГУ-ын Шинжлэх ухааны яамтай хамтран Берлинд “Герман-Монголын Шинжлэх ухааны өдөрлөг” зохион байгуулахаар ЭСЯ ажиллаж байгааг энд мөн зарлахад таатай байна.


Сэтгүүлч: Шинээр томилогдох элчин сайд нэн тэргүүнд юунд анхаарах ёстой вэ?


Б.Мандахбилэг:

Бүрэлдсэн ЭСЯ-ны багтай хамтран ажиллахад л ажил цаашид зөв голдрилоороо явна. Ирээдүйд хэрэгжих том айлчлалын бэлтгэлийг сайтар хангахад Элчин сайд анхаарна бизээ.    


Сэтгүүлч: Дипломатын томилгоо мэргэжлийн бус, улс төрийн шинжтэй байна гэж иргэд шүүмжилдэг. Та энэ шүүмжлэлтэй санал нийлэх үү?


Б.Мандахбилэг:

Энэ талаар би байр сууриа олон нийтэд илэрхийлэхгүй.

 

Сэтгүүлч: Мэргэжлийн дипломатч хувийн байр суурь ба төрийн ашиг сонирхлыг хэрхэн ялгаж, хэрхэн тэнцвэртэй баримтлах ёстой вэ?


Б.Мандахбилэг:

Улсын ажил хийж байгаа дипломат ажилтан бол улсаа гадаадад төлөөлж байгаа учраас хувийн үзэл бодлоо гадаадад илэрхийлнэ гэж ер нь байх ёсгүй зүйл юм. Улсын чиг шугам, заавартай зөрчилдсөн хувийн үзэл бодол гадагшаа гарахгүй байх учиртай. Гэртээ, ЭСЯ-ны дотроо хувийн санал бодлоо солилцох, мэтгэлцэх боломж бол бий.  


Сэтгүүлч: Гадаад улсад томилогдох дипломатч ямар мэргэжлийн болон ёс зүйн шалгуур хангасан байх ёстой гэж та үзэж байна вэ?


Б.Мандахбилэг:

Томилогдон очих орныхоо талаар мэдлэг, мэдээлэлтэй. Хэлийг нь мэддэг бол бүр давуу талтай гэсэн үг. Дипломат ажилтны тангараг гэж бий, тангарагтаа үнэнч байх шаардлагатай. Элдэв зөрчил дутагдал гаргавал Монгол Улсын нэр хүндэд сэв суудаг тул өргөн мэдлэг, өндөр боловсролын сацуу зөв хүмүүжилтэй, төлөвшилтэй байх хэрэгтэй.  


Сэтгүүлч: Гадны оронд Монгол Улсыг төлөөлөн ажиллаж буй төрийн тусгай албан хаагчдад ямар зөвөлгөө өгөх бэ?


Б.Мандахбилэг:

Төрийн тусгай албан хаагчийн хувьд тангарагтаа үнэнч байхыг ямагт санаж мөрдөх хэрэгтэйг сануулна. Гадаадад гарсан, оршин суугаа Монгол иргэдэд энгийн буюу зохих хүндэтгэлтэй,тэгш хандахыг зөвлөнө. Аливаа сорилт, даалгаврыг давж гарах тэвчээр, сэтгэлийн тэнхээтэй болохыг зөвлөнө. Мэдэхгүй, чадахгүй зүйл дээр шийдэл, гарц хайх талаар эхлээд өөрөө бодож,  удирдах албан тушаалтнаасаа заавар зөвлөлгөө авдаг байхыг зөвлөж байна даа.              

Journas News сайтын урилгыг хүлээн авч ярилцсан танд баярлалаа.


Сэтгүүлч, Редактор: Д.Ариундалай




 

Comments


© 2023 Journas. Powered by EuronewsMN

bottom of page