top of page

АНУ-Д ШИНЭЭР ЭЛСЭХ ОЛОН УЛСЫН ОЮУТНЫ ТОО 17%-ИАР БУУРЧЭЭ

  • 2 hours ago
  • 1 min read

Олон улсын оюутнууд АНУ-ыг дээд боловсролын гол сонголтоо болгох хандлагаасаа аажмаар татгалзаж, өөр улс орнуудыг сонирхох болжээ. Судлаачид Ерөнхийлөгч Доналд Трампын засаг захиргааны цагаачлал, визийн хатуу бодлого, визийн шалгалтын чангаруулалт болон оюутны оршин суух нөхцөлтэй холбоотой шинэ зохицуулалтууд АНУ-ын их, дээд сургуулиудыг гадаадын оюутнуудад өмнөхөөсөө бага сонирхол татахад хүргэж байгааг онцолсон байна. Шинэ мэдээллээр 2025 оны намар АНУ-ын их, дээд сургуульд анх удаа элсэн орсон олон улсын оюутны тоо өмнөх оноос 17 хувиар буурсан байна. Түүнчлэн олон улсын төгсөх түвшний оюутны тоо 12 хувиар буурчээ. Энэ бууралт нь 2019 оны цар тахлын өмнөх үеийнхтэй харьцуулахад онцгой анхаарал татаж байна. Тухайн үед АНУ олон улсын оюутнуудын хувьд дэлхийн хамгийн гол боловсролын төвүүдийн нэг хэвээр байсан бол сүүлийн жилүүдэд виз, цагаачлалын бодлого болон АНУ-д суралцсаны дараах боломжтой холбоотой тодорхой бус байдал оюутнуудын сонголтод нөлөөлж эхэлжээ.



IIE-ийн мэдээллээр 2024/25 оны хичээлийн жилд АНУ-д нийт 1.18 сая орчим олон улсын оюутан суралцсан ч шинэ элсэлт 7 хувиар буурсан байна. Ийнхүү АНУ-ын их, дээд сургуулиуд олон улсын оюутнуудаа алдаж эхэлсэн нь зөвхөн боловсролын салбарт бус, их сургуулиудын санхүүжилт, судалгаа шинжилгээ болон АНУ-ын дэлхийн боловсролын төв гэсэн байр сууринд ч нөлөөлөх эрсдэлтэй байна.

Comments


© 2023 Journas. Powered by EuronewsMN

bottom of page