top of page

ФРАНЦ ДЭЛХИЙН ГАЗРЫН ЗУРГИЙН ПРОЕКЦОО ӨӨРЧИЛНӨ

Sep 6
1 min read

Франц улс Гадаад хэргийн яамныхаа албан ёсны газрын зурагт олон зуун жил өргөн хэрэглэгдсэн Меркаторын проекцыг аажмаар халж, оронд нь Эккерт IV проекцыг ашиглахаар болжээ. Тодруулбал Францын Гадаад хэргийн сайд Жан-Ноэль Барро есдүгээр сарын 4-нд Сорбонн их сургуульд болсон арга хэмжээний үеэр энэ талаар мэдэгдсэн байна. Меркаторын проекц нь дэлхийг хавтгай зураг болгон харуулахдаа туйлд ойр байгаа газар нутгийг бодит хэмжээнээс нь хэт томруулж, харин экваторт ойр орнуудыг харьцангуй жижиг харагдуулдаг онцлогтой. Тухайлбал, газрын зураг дээр Гренланд Африк тивтэй бараг адилхан хэмжээтэй харагддаг. Гэвч бодит байдал дээр Африк Гренландаас хэд дахин том.



Үүнтэй адил Европ, Орос, Хойд Америк зэрэг хойд хэсэгт орших газар нутаг газрын зураг дээр бодит хэмжээнээсээ томорч харагддаг бол Африкийн орнууд харьцангуй жижиг дүрслэгддэг.



Харин Эккерт IV проекцын давуу тал нь тив, улс орнуудын газар нутгийн хэмжээг хооронд нь илүү бодитой харьцуулах боломж олгодогт оршино. Тиймээс шинэ газрын зураг дээр Африк өмнөхөөсөө илүү том, харин Европ болон Орос зэрэг хойд хэсгийн бүс нутгууд харьцангуй жижиг харагдана. Францын Гадаад хэргийн яам энэ өөрчлөлтийг нэг өдрийн дотор хийхгүй бөгөөд газрын зураг, дипломат цахим хуудсууддаа Меркаторын проекцыг үе шаттайгаар халж байна. Тус яам 2021 оноос Меркаторын проекцын хэрэглээг аль хэдийн багасгаж эхэлжээ.


Сайд Жан-Ноэль Барро “Газрын зураг бүтээх нь төвийг сахисан үйл ажиллагаа биш” хэмээн үзэж, дэлхий ертөнцийг харах өнөөгийн ойлголтыг шинэчлэх шаардлагатай гэж тайлбарласан байна. Өөрөөр хэлбэл, Франц газрын зургийг зүгээр нэг өөрчилж байгаа бус, дэлхийн улс орнуудын газар нутгийг бид хэрхэн харж, төсөөлдөг ойлголтыг илүү бодит болгохыг зорьж байна.

Comments


© 2023 Journas. Powered by EuronewsMN

bottom of page