ЗЕЛЕНСКИЙН АНХААРУУЛГЫН ДАРАА ОХУ-Д 77 НИСЛЭГ ХОЙШИЛЖ, ЦУЦЛАГДЛАА

Украины Ерөнхийлөгч Володимир Зеленський есдүгээр сарын 1-нд Оросын агаарын орон зайг ашиглан нислэг үйлдэж буй агаарын тээврийн компаниуд, даатгагчид болон олон улсын байгууллагуудад анхааруулга өгсөн.
Тэрбээр Украины дроны ажиллагаа идэвхжиж байгаатай холбоотойгоор Оросын агаарын орон зайд иргэний нисэхийн хувьд “цаашид аюулгүй мөч байхгүй” болж болзошгүйг анхааруулсан.

Үүний дараа Оросын агаарын орон зайд нислэг үйлддэг зарим компаниудын нислэгийн хуваарьт томоохон саатал гарчээ. Тухайлбал, Туркийн Pegasus Airlines агаарын орон зайн нөхцөл байдлыг шалтгаалан Москвагийн Внуково нисэх онгоцны буудал руу болон буцах 12 нислэгээ цуцалсан байна. Мөн Туркийн зарим агаарын тээврийн компанийн нислэгүүд хөөрснийхөө дараа чиглэлээ өөрчилж буцсан бөгөөд тэдгээрийн нэг нь Литвийн агаарын орон зай дээгүүр буцсан байна. Манай улсын хувьд Европын орнууд руу ОХУ-ын агаарын орон зайгаар дамжин өнгөрдөг.

Үүний зэрэгцээ мэдэгдлээс хойш Москвагийн гурван нисэх онгоцны буудалд нийт 77 нислэг хойшлогдож, цуцлагдсан байна. ОХУ-ын Аялал жуулчлалын операторуудын холбооны мэдээлснээр, лхагва гарагийн байдлаар дор хаяж 60 мянган зорчигч нислэгийн саатал, цуцлалтад өртсөн байна. Нөхцөл байдал Оросын агаарын тээврийн салбарын хувьцаанд ч нөлөөлсөн байна. Зеленскийн мэдэгдлийн дараа Aeroflot компанийн хувьцааны ханш Москвагийн бирж дээр 5 гаруй хувиар унажээ



Comments