top of page

ЦАГААЧЛАЛЫН АСУУДАЛД ЕХ-НЫ ГИШҮҮН ОРНУУД БҮГД АДИЛ ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭНЭ

  • Jul 12
  • 2 min read

2026 оны 6-р сарын 12-ноос Европын Холбооны Цагаачлал, Хамгаалуулах эрхийн шинэ багц хууль (Migration and Asylum Pact) албан ёсоор хүчин төгөлдөр болов. Энэ бол Европын Холбоо (ЕХ) 2020 оноос хойш зургаан жил гаруй бэлдэж, хэлэлцэж ирсэн, цагаачлалын асуудлыг нэг мөр зохицуулах зорилготой түүхэн дэх хамгийн том хуулийн шинэчлэл юм. Гэтэл хуулийг бодитоор хэрэгжүүлж эхлэх үед гишүүн орнуудын хооронд өмнөх жилүүдэд шийдэгдээгүй хэвээр байсан нэг том асуудал дахин гарч ирлээ: дүрвэгсдийн ачааллыг хэн, хэрхэн хариуцах вэ?



Одоог хүртэл Грек, Итали, Испани зэрэг ЕХ-ны гадаад хилд шууд шилжиж буй орнууд Африк, Ойрхи Дорнод чиглэлээс ирж буй дүрвэгсдийн урсгалыг дан ганцаараа хүлээн авч, бүртгэж, байрлуулах ачааллыг үүрч байв. Энэ нь тэдний нийгэм, эдийн засгийн дарамтыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ ЕХ доторх бусад орнуудтай харьцуулахад тэгш бус нөхцөл байдал үүсгэж байсан.



Шинэ хуулиар үүнийг өөрчилж, дүрвэгсдийн ачааллыг ЕХ-ны бүх 27 гишүүн орон хамтран хуваалцах ёстой гэсэн үндсэн зарчмыг оруулав. Энэ зарчмыг хэрэгжүүлэхийн тулд гишүүн орнуудад дараах гурван сонголтын аль нэгийг сонгох боломж олгосон:

1. Дүрвэгсдийг бодитоор хүлээн авах: жилд нэг улсад дээд тал нь 30,000 хүн хүртэл

2. Санхүүгийн тусламж үзүүлэх: хэрэв хүн авахгүй бол хүн тутамд 20,000 евро төлбөр төлөх

3. Бусад дэмжлэг үзүүлэх — жишээлбэл, ажилтан, техник хэрэгсэл, тоног төхөөрөмж илгээх зэргээр дэмжих.

Энэ нь хэн ч дур зоргоороо ачааллаас “мултарч” чадахгүй, харин өөрийн боломжид тохирсон хэлбэрээр л оролцоно гэсэн санаа юм. Гэвч бодит байдал дээр Унгар, Польш, Чех улс энэ механизмд ямар ч хэлбэрээр оролцохгүй гэдгээ ил тод зарлаад байна. Эдгээр гурван улс дотоодын улс төрдөө цагаачлалын эсрэг бодлого баримталдаг бөгөөд Брюсселийн төвлөрсөн шийдвэрээр тулгасан “заавал” квотыг үндэсний бие даасан байдалдаа халдсан үйлдэл гэж үзэн эсэргүүцэж байна.



Харин ЕХ-ны хуулийн үүднээс авч үзвэл энэ механизмаас гишүүн орон нэг талын шийдвэрээр “гарах” эрхгүй энэ бол сонголт биш, харин албан ёсны хуулийн үүрэг. Хэрэв улс орон энэ үүргээ биелүүлэхгүй бол Европын Комисс эсрэг нь “зөрчлийн журам” (infringement procedure) нээх эрхтэй болж Европын Холбооны Шүүхэд (Court of Justice of the EU) шилжүүлэн, гишүүн орныг хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх боломжтой болох юм.


Comments


© 2023 Journas. Powered by EuronewsMN

bottom of page