ОНГОЦОНД СОГТУУГААР ТАНХАЙРСАН ЗОРЧИГЧИЙГ БУСАД ЗОРЧИГЧИД ХҮЛЖЭЭ

АНУ-ын American Airlines компанийн Dallas/Fort Worth-оос Newark чиглэлд үйлдсэн нислэгийн үеэр 67 настай зорчигч согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтайгаар онгоцонд танхайрсан хэрэг гарчээ. Тэрбээр эхлээд дэргэдээ суусан зорчигч руу хашхирч, улмаар нислэгийн үйлчлэгчийг арьс өнгө болон бэлгийн чиг баримжаатай нь холбоотой доромж үгээр хэл амаар дайрсан байна. Дараа нь хажуугийн зорчигчийг цохиж, түүнийг зогсоохыг оролдсон эмэгтэйг түлхэн унагажээ.

Үүний дараа гурван зорчигч түүнийг барьж авч, наалддаг туузаар суудалд нь хүлж тогтоосон байна. Түүний гар, толгойг хүртэл туузаар бэхэлсэн бөгөөд нислэг Baltimore хотод яаралтай буух хүртэл энэ байдлаар байлгажээ. Онгоц Baltimore хотод газардсаны дараа цагдаа нар зорчигчийг баривчилсан байна. Үүний дараа нислэг Newark руу үргэлжилжээ. Хэвлэлүүдийн мэдээлснээр уг зорчигч нь Аризона мужийн үл хөдлөх хөрөнгийн томоохон Long Realty Company компанид дэд ерөнхийлөгчөөр ажилладаг бөгөөд уг хэргийн дараа ажлаасаа халагдсан байна. Мөн түүний LinkedIn профайл устгагдсан гэх мэдээлэл байна.

Түүнд бусдад халдсан болон олон нийтийн дэг журам зөрчсөнтэй холбоотой хэргээр мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа бөгөөд холбооны түвшинд хэрэг үүсгэх эсэхийг FBI судалж байгаа аж. American Airlines компани нислэгийн үеэр бусдад халдсан аливаа үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдсэн байна.



Comments