МОНГОЛ, БНСУ ЖОЛООНЫ ҮНЭМЛЭХЭЭ ХАРИЛЦАН ЗӨВШӨӨРӨХ ХЭЛЭЛЦЭЭРТ ХҮРЛЭЭ
- Jul 1
- 1 min read
Монгол Улс болон Бүгд Найрамдах Солонгос Улс жолооны үнэмлэхээ харилцан зөвшөөрөх хэлэлцээрт хүрснээр хоёр улсын иргэд өөрийн улсын хүчин төгөлдөр жолооны үнэмлэхээр нөгөө улсын нутаг дэвсгэрт замын хөдөлгөөнд оролцох боломж бүрдлээ.

Энэ талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан мэдээлэхдээ, Монгол Улсын иргэд БНСУ-д, харин БНСУ-ын иргэд Монгол Улсад жолооны үнэмлэхээ дахин солихгүйгээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй болж байгааг онцоллоо. Тэрбээр БНСУ-д 60 мянга гаруй монгол иргэн оршин сууж байгаагаас 1400 гаруй нь гэмт хэрэг, зөрчилд холбогдсон бөгөөд тэдгээрийн дийлэнхийг жолооны үнэмлэхгүйгээр замын хөдөлгөөнд оролцсон зөрчил эзэлдэг гэдгийг дурдсан юм.

Иймээс хоёр улсын иргэдийн зорчих нөхцөлийг хөнгөвчлөх, зөрчил бууруулах зорилгоор Монгол Улс, БНСУ жолооны үнэмлэхийг харилцан зөвшөөрөх хэлэлцээр байгуулжээ. БНСУ-ын Ерөнхийлөгчийн Монгол Улсад хийх төрийн айлчлалын үеэр уг хэлэлцээрт гарын үсэг зурж баталгаажуулна. Ингэснээр нэг жил хүртэлх хугацаагаар БНСУ-д зорчиж буй манай улсын иргэд монгол үнэмлэхээрээ автомашин жолоодох эрхтэй болно. Мөн БНСУ-ын иргэд манай улсад зорчихдоо жолооны үнэмлэхээ ашиглах эрхтэй болно.



Comments