АВСТРАЛИ УЛС ГАДААД ОЮУТНЫ ГЭР БҮЛИЙН ВИЗИЙГ ХЯЗГААРЛАНА

Австралийн Засгийн газар олон улсын оюутнууд гэр бүлийн гишүүдээ дагуулан тус улсад ирэх боломжийг эрс хязгаарлах цагаачлалын шинэ бодлого хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Дотоод хэргийн сайд Тони Берк уг бодлогын дэлгэрэнгүйг 9 дүгээр сарын 17-нд Канберра дахь National Press Club-д танилцуулах юм. Засгийн газар цэвэр гадаад шилжилт хөдөлгөөний тоо (NOM)-г одоогийн ойролцоогоор 300,000-аас 2028 он гэхэд 225,000 болгон бууруулах зорилт тавьжээ. Үүний хүрээнд түр хугацааны визийн тоог бууруулах, визийн хугацаа дууссан хүмүүсийг Австралид удаан хугацаагаар үлдэхээс сэргийлэх зэрэг арга хэмжээ авахаар төлөвлөж байна.

ABC News-ийн мэдээлснээр өнгөрсөн жилд Австрали 337,427 оюутны виз олгосноос 45,991 нь дагалдан ирэх гэр бүлийн гишүүдийн виз байжээ. Оюутны нийт тоог бууруулахгүй байж болох ч тэдний гэр бүлээ Австралид авчрах боломжийг үндсэндээ хаах хувилбар хэлэлцэгдэж байна. Үүний зэрэгцээ Австрали ур чадвартай ажилтнуудын визийн боловсруулалтын дарааллыг мөн өөрчилсөн байна. 2026 оны 7 дугаар сарын 25-наас хэрэгжиж эхэлсэн Ministerial Direction 119-өөр ур чадвартай ажилтны визийг мэргэжил болон өргөдөл гаргагчийн байршлаас хамааран эрэмбэлж байгаа бөгөөд гадаадаас өргөдөл гаргасан зарим ажилтны хүлээлгийн хугацаа нэг жил хүртэл сунжрах тохиолдол гарчээ.

Шинэ бодлогын зарим хэсэг нь One Nation намын энэ долоо хоногт танилцуулсан цагаачлалын саналтай төстэй байна. Тус нам гурван жилийн хугацаанд 750,000 түр визийг бууруулах, тэр дундаа оюутан болон ур чадвартай ажилтнуудын гэр бүлийн визийг хязгаарлах санал гаргаад байгаа юм.
Эх сурвалж: ABC News



Comments